Ядуу буурай амьжиргаатай хоёр жижигхэн тосгон хөрш зэргэлдээ амьдарч байв. Орон нутгийнх нь төрийн удирдах байгууллагаас энэ хоёр тосгонд туслах аяныг өрнүүлэн, хөрөнгө мөнгө цуглуулж өгчээ. Өгсөн мөнгөний хэмжээ яг тэнцүү байсан боловч 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа үр дүн нь тэнгэр, газар шиг ялгаатай болов. Нэг дэх тосгон өөрсдөө бие даасан санхүүгийн хараат бус болсон байхад хоёр дахь нь урьдын адил ядуу хоосон хэвээр байв. Тарчиг хатуу амьдралаас залхсан тосгоны дарга мөнгө авсныхаа дараа ард иргэддээ тэнцүү тарааж өгөн хурал хийжээ. Энэ мөнгөөрөө тэд ойролцоох ууланд жимс тарин, цэцэрлэгт хүрээлэн байгуулав. Жимсний модны тариалангаас айл өрх бүр өөрсдийн хийсэн ажлын хэмжээгээр ашиг авав. Дараа нь гаднаас хөрөнгө оруулалт хүртэл татаж тосгондоо жимс боловсруулах үйлдвэр байгуулжээ. Ийнхүү ажиллаж хөдөлмөрлөсний үр дүнд 2 жилийн дараа гэхэд банкнаас зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулан, ард иргэд нь ч гэсэн ашиг орлогтой, сайхан амьдрах болсон аж. Байгуулсан үйлдвэр нь ч гэсэн тогтмол ашиг орлогыг бий болгон амжилттай ажилласнаар иргэдийнх нь амьжиргаа удам л сайжирсаар. Ийнхүү хэдхэн жилийн хугацаа өнгөрөхөд энэ тосгон баян чинээлэг сайхан амьдралтай болж чаджээ.
Харин хоёр дахь тосгоны тухайд гэвэл дарга нь бүх ард иргэддээ мөнгийг тэнцүү хувааж өгсөн ч тэд хамтран юм хийгээгүй бөгөөд айл өрх бүр өөрсдийн хэрэгцээний зүйлсийг авсаар мөнгө нь дуусчээ. Ингээд л урьдын адил хоосон тарчиг амьдралтайгаа залган, төр засгаас бэлэн мөнгө хүлээхээс өөр аргагүй болсон гэнэ.
Та хөрөнгө чинээтэй болохыг үнэхээр хүсдэг бол хамгийн үр дүнтэй арга бол мөнгө олох биш, мөнгө олох аргыг олох юм. Ямар нэгэн ажлыг эхлүүлэхдээ зөв арга барилыг нь олсон бол тухайн ажлынхаа талыг хийсэн гэсэн үг. Бусад хүний бэлдээд тавьсан жимсийг аваад ирэхээс илүү жимс тариалах аргыг нь суралцаж чадвал та өөрөө байнга ургац хурааж чадна.
Нийтэлсэн
Ч.Мөнх-Од
2022.01.02